Skip links

Өөрийгөө олоогүй биш — Өөрийгөө таниагүй байх үед

Хүн бүр цаанаасаа зарлигтай төрдөг.
Хүн болж төрсний маань зорилго бол
Ямар зарлиг өөрт оногдсоныг олж хэрэгжүүлэх явдал.
Эдгээр зарлиг бидний шид увдис, авьяас билиг дээр тогтдог.

“Тэмүүлж амьдрах хүч”

Та ер нь амьдралд зүг чигээ алдсан юм шиг явж үзсэн үү? Хамаг байдгаараа “сайн” байгаад зөв зүйтэй гэсэн болгоныг хийсэн ч дотроо нэг л “болоогүй” мэт мэдрэмж авч байв уу? Тэгвэл та ганцаараа биш гэдэгтэй мөрийцсөн ч болно.

Та учраа олоогүй биш, харин учраасаа “зөрж” давхиад байна гэсэн үг.

Учраа олоогүй буюу өөрийгөө олоогүй гэх нь ташаа ойлголт.

Бид тодорхой баталгаатай байдал, аливаа нэг зүйлд хүрэх, амжуулах гэх мэт шугаман үзүүлэлтийг илүүд үздэг. Харин зүрх сэтгэл маань намжмал байдлыг хүсч, хүсэл мөрөөдөл маань унтарч, хийж байгаа ажил тань зүрх сэтгэлийн хөгөөс зөрж давхиад байвал та магад өөрийгөө буруу зөрүү амьдарч байна уу даа гэж бодоход хүрч мэдэх юм.

Заримдаа ийм нөхцөл байдлыг бүтэлгүйтэлтэй адилтгах нь ч бий.

Энэ бүхэн танд чанадаас ирж буй дохио гэдгийг та мэдэх үү?

Өнөөдрийн өндөрлөгөөс харахад буюу хуульч, орчуулагч, көүч хийгээд, таван хүүхэд өсгөж хүмүүжүүлээд явж байгаа хүний хувьд, унаж босч, амьдралаа хаанаас нь барьж авахаа мэдэхгүй мэгдэж явсны хувьд ийн гайхаж эргэлзэж, мухардалд орох нь хувь заяа таныг зөв зам дээрээ гарч ирэхийг алсаас даллаж буй дохио гэдгийг хэлэх гэсэн юм.

Зам дээрээ гарснаар бүх зүйл шийдэгдэхгүй.

Зам дээрээ гарч ирнэ гэдэг хуанли хараад өдөр сар оноочих, гурав таван жилээр төлөвлөх, өглөөний 5 цагт сэрүүлэг тавихтай адил амар зүйл биш. Зөв зам мөрөө олно гэдэг товчхондоо мэдрэмж юм – бие тань таны зөв болохыг намуунаар баталж байдаг. Таныг үнэнээ өчих үед мэдрэгддэг тэр намуун мэдрэмж, сэтгэл зүрхнээсээ юм хийх үед дотроос хөхүүлэн дэмжих тэр чимээгүй атлаа таатай мэдрэмж, жинхэнэ зорилгынхоо төлөө зориг гарган ганц алхахад дотроос бүлээ оргиулан дэмжих тэр бүлээн мэдрэмж юм.

Зам дээрээ гарч ирэхийн тулд заримдаа … өөрийгөө маш их задлах хэрэг гардаг.

Амьдралын код гэж бий юу?

Aжлын одтой гэж өөрийгөө хөөргөн боддог, ямар ч арын хаалга хэрэглэхгүйгээр хүссэн ажилдаа тэнцээд ордог байсан минь миний гол бахархал байсан. Гэтэл нэг л мэдэхэд би сайн дураараа хүүхдээ харах гээд ажлаасаа хүсэлт өгөн гарсан тэр өдрөөс хойш амьдрал амыг минь асуух мэт ар араас нь шахалт дарамт нүүрлэхэд би энэ асуултыг өөрөөсөө асуусан. Бурхан хүнийг тэвдэж явах зураг төөрөг зохиодоггүй гэдэгт итгэхийг маш их хүсч байсан.

Маш олон сургалтад сууж, көүчийн эрх авсныхаа дараа жинхэнэ үнэнийг яс махандаа тултал ойлгосон. “Замаасаа хазайсан” мэт тэр бүтэлгүй өдрүүд таныг зөв зам дээрээ гарч ирэхийг уриалсан ертөнцийн дохио зангаа юм билээ.

Танд энэ дэлхийд хийж гийгүүлэх тодорхой даалгавар бий —энэ танд цаанаасаа өгөгдсөн даалгавар бөгөөд үүнийг зөрчвөл танд цохилт, сорилт гарцаагүй ирэх болно.

Амарч чадахаа байсан уу?
Гараас чинь юу ч гарахаа больсон уу?
Юу ч хийх хүсэл сонирхолгүй болсон уу?

Энэ бол уналт бүтэлгүйтэл биш. Энэ бол танд ирж буй сануулга.

Та дараах асуултуудыг өөрөөсөө асуугаарай:

  • Би амьдралынхаа аль талбарт хамгийн их бүтэлгүйтэж байна вэ?
  • Би өөрийнхөө ямар хүсэл хэрэгцээг огт тоохгүй орхигдуулдаг вэ?
  • Дотор хүн тань хэрэв үг хэлж чаддаг бол танд яг одоо юу гэж хэлэх байсан бол?

Хаалга нээгдэнэ гэж огт санаагүй газар
Өөр хэнд ч нээгдэхгүй хаалга
Гагц таны өмнө цэлийтэл нээгдэх болно.

“Тэмүүлж амьдрах хүч” ном

Leave a comment